Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.
Тарваган тахал дараах замаар хүнд халдварлана. • шууд хавьтал • дам халдвар • агаар дусал • хоол хүнс
Шууд хавьтлын зам. өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх зэрэг үйл ажиллагааны явцад арьс салстын бүтэн байдал алдагдсан үед болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд, зүйлстэй хамгаалах өмсгөлгүйгээр харьцсанаас арьсны болон булчирхайн хэлбэрийн тахлаар өвчилнө. Дам халдварын зам. Мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, цус сорогч үе хөлтөн хазуулах зэрэг тохиолдлуудад халдварлана.